Их барилга, ХААА-н цехийн òанилцуулга
Монголд байгуулагдаад байгаа төмөр замын цогцолборыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаж улмаар цахилгаанжуулсан төмөр замд шилжих эх суурийг тавих зорилтыг хэрэгжүүлэхэд эрчим хүчний бие даасан аж ахуйн байгууллага байх нь зайлшгүй байсан юм.
Төмөр замын ашиглалтын ажиллагааны гар ажиллагаатай хоцрогдсон технологийг орчин үед өргөнөөр хэрэглэх болсон замнал, релений цахилгаан төвлөрүүлэлт, цахилгаан дохиололын систем зэрэг шинэ технологийг нэвтрүүлэхэд төмөр замд цахилгаанжуулалт нэн даруй хийгдэх хэрэгтэй байлаа.
Орос-Монголын төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шийдвэрээр “Эрчим хүчний ангийг татах хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан цахилгаан усны аж ахуйн бааз дээр суурилуулан анх 1968 оны 1 дүгээр сард байгуулсан байна.
Эрчим хүч ус хангамжийн бие даасан аж ахуй шинээр байгуулагдсан явдал нь төмөр замын тээврийн үйл ажиллагаанд цахилгаанжуулалт нэвтрүүлэх их эринд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой болсон билээ.
Анги байгуулагдсан анхны жил Төв засварын газар харьяалагдаж байсан цахилгаан шугам засварын бригадыг тус ангийн мэдэлд мэргэжлийн дагуу шилжүүлэхэд ЗХУ-ын (тэр үеийн нэрээр) мэргэжилтэн П.С.Онянов ахлах мастертай, монтёр Ж.Санжаа, Лхасүрэн, Шагдаржав, Ш.Дашдондов, Я.Амгалан, Батдорж, А.Даваадорж, Батбаяр, Адьяадорж, Ж.Жанцандорж, Бэхбат, Л.Болд, Н.Цэдэн нар тус аж ахуйд ирж их барилгын бригад болон ангийн ерөнхий инженер А.Гүрдоржийн удирдлаган дор ажиллаж байлаа.
Ийнхүү 1968 оны 7 дугаар сард Чойрын цахилгаан станцаас 70 километр алсын зайд 10 киловольт хүчдлийн агаарын шугам барих ажлын зураг төсөл боловсруулагдан гарч тэр үед ЖЭС-60 гурван дизель цахилгаан станцаар цахилгаанаар хангагдаж байсан төмөр замын Хайрган чулууны үйлдвэрийг хангах шугам сүлжээг барих ажил эхэлсэн юм.
Анх удаагаа 70 км шугам барих ажил нь хүнд бэрхшээлтэй бүх ажиллагаа нь гараар хийгдэж шонгийн нүх ухдаг Ж.Жанцандоржийн бригад, шонгийн хөл модыг боож, зангиддаг А.Даваадоржийн бригад, бэлэн болсон шонгийн модыг гараар босгодог Н.Цэдэнгийн бригадууд ажиллаж байсан ба Сайншандын сэргээн босгохын С-100 маркийн гинжит трактороор шугамын утсыг тарааж татан 1967 оны 6 дугаар сараас эхлээд 1968 оны 9 дүгээр сард дуусган ашиглалтанд хүлээлгэн өгсөн билээ.
Тэр үеийн ханшаар 3 сая гаруй төгрөгийн өртөгтэй энэ объектыг барьж байгуулахад хүн хүчний болон оюуны их чадавхи шаардлагатай байсан учир “Их барилгын цех”-ийг тус ангийн бүрэлдэхүүнд байгуулах шийдвэр гарч 1969 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажил үүргээ явуулж эхэлсэн билээ. Цехийн даргаар инженер С.Пүрэв, мастераар Л.Минжгээ ажиллаж энэ их ажлын алтан хараацай болсон алдарт монтёруудын анхны “залуучуудын шуурхай” бригадын гишүүд монтёр Батдорж, Батсайхан, А.Даваадорж, Даваажав, бригадын дарга Ж.Жанцандорж, монтёр Я.Амгалан, техник Ч.Оюун, Н.Цэдэн, Т.Сундуй нар байлаа.
Өндөр хүчдлийн шугам барилгын ажлыг урьд өмнө хийж үзээгүй ажил байсан тул дадлага туршлага, арга барил дутах, машин механизм хүрэлцэхгүй байх хүндрэл байсан ч энэ бүхнийг гэтлэн давах зориг хамт олны сэтгэлд дүүрэн байлаа.
Аливаа ажлын эхлэл нь хүмүүсийн зориг эрмэлзлэлд тулгуурладаг шиг энэ удаа ч гэсэн хүмүүсийн идэвхи санаачилганд тулгуурлан, нарнаас нарны хооронд ядрах зүдрэхээ умартаж хүнд хэцүү нөхцөл байдалд мэрийн зүтгэж, махран оролдсоор зохих хэмжээний туршлага олсноор барахгүй тэргүүний сайчуудын эгнээгээр дүүрсэн ажилсаг хамт олныг бий болгож чадсан байна.
1970 оны 2 сард тус цехийн даргаар Л.Минжгээ ЗХУ-ын мэргэжилтэн, инженер Евгений Владимирович Гудков шугам барилгын ажлын ахлах инженерээр тус тус ажиллаж, мастераар техник Б.Мэнд-Амар, техник Ш.Дашдондов, Анасов.Ю нар бригадын даргаар И.М.Максимов механикаар ажиллаж байлаа.
Энэ онд МАЗ-500 маркын авто кран, ВМ-2 маркын шонгийн нүх ухах механизмтай ГАЗ-53 маркын авто машинуудыг хөрөнгө оруулалтаар авч механикжуулалтын анхны алхам хийгдсэн.
Их барилгын ажилд хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгож, механикжуулалтыг шийдэмгий хийж чадсаны үр дүнгээр барьж байгаа объектуудын өөрийн өртөг нь хямдрах, гүйцэтгэлийн чанар нь дээшилсэн явдал шинээр барьж байгаа шугам сүлжээ, дэд станцын барилгын ажлын үнэлгээ онц сайнаас, сайн дүнтэйгээр ашиглалтанд хүлээлгэн өгдөг болсон билээ.
Цахилгаанжуулалтын ажлыг тасралтгүй 40 жил хийж Монголын хойт хилээс урьд хил хүртэл бүгд 1352 километр урт төмөр замын дагуу цахилгаан дамжуулах 6, 10, 0.4 киловольт хүчдлийн агаарын шугам агаарын ба хаалттай дэд станцыг угсрах, иж бүрэн дэд станц суурилуулах зэрэг тэр үеийн ханшаар 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхэд өөрийн сэтгэл санаа, биеэр гардан оролцсон олон арван цахилгааны угсрагчид байсан билээ.
Ийнхүү 40 жилийн өмнө анх байгуулагдсан их барилгын цехийн ажлын гараа Монголын Төмөр Замын тээврийн аж ахуйг бүхэлд нь цахилгаан эрчим хүчээр хангаж төмөр зам ба түүний туслах үйлдвэр болон ахуйн хэрэглээнд цахилгаан эрчим хүчийг найдвартай хүргэж чадсан нь шинэ технологийг нэвтрүүлэх автомат болон электроны зууны техникийн дэвшлийг үзэх хувь тавилан бий болгож өгсөн гавьяат үйлсийн эзэд нь энэ цехийн хамт олон юмаа.
Ажиллагсад
- 0
- 1
- 0
- 1
- 0
- 1
- 2
- 3
- 4
- 0
- 1
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 0