-
1949 оны 6-р сар
БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол – Зөвлөлтийн хувь нийлүүлсэн ” Улаанбаатар төмөр зам ” байгуулагдаж Монгол улсад өргөн төмөр зам баригдаж эхэлснээр замын дагуу өртөө, зөрлөг, замын хэсгүүд, засварын газрууд, орон сууцны тосгод, үйлчилгээний байгууллагууд баригдаж олон шинэ суурин газрууд үүсэн бий болсон. Мөн Наушки – Улаанбаатарын хооронд 2000 морины хүчтэй (Е) серийн уурын тэрэг үйлчилж байсантай холбогдуулан нийгэм ахуйн болон уурын тэргийг усаар цэнэглэх технологийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай ус, цахилгааны эх үүсвэрийн байгууламжуудыг 1948–1956 онуудад барьж ашиглалтанд оруулсанаар одоогийн Эрчим хүч, ус хангамжийн аж ахуйн үндэс суурь тавигдсан юм. Энэ үед төмөр замын дагуу паравозыг усаар зэхэх эх үүсвэрүүдийг цахилгаанаар хангах, өртөө зөрлөгийн сум, семафорыг гэрэлтүүлэх үндсэн үүрэгтэйгээр Сүхбаатар, Зүүнхараа, Улаанбаатарын татах хэсгийн удирдлаганд ажиллаж байжээ.
-
1968 он
Татах хэсгийн бүрэлдэхүүнээс гарч Эрчим хүч ус хангамжийн бие даасан аж ахуй зохион байгуулагдсанаас хойш төмөр замын дагуух тууш цахилгаанжуулалтын шугам сүлжээг, холбогдсон дэд станцуудын хамт барьж ашиглалтанд оруулах ажил эрчимтэй өрнөсөн байна. Цаашид төмөр замын тээврийн технологийн шинэчлэл, хөгжил, дэвшил, цахилгаан хангамжийн найдваржилтын үүднээс мөн улсын эрчим хүчний системийн хөгжлийн дагуу төмөр замын цахилгаан хангамжийн тууш шугамуудыг байгуулах боломжтой болсноос Эрчим хүчний аж ахуйн эрхлэх хүрээ, хариуцлага ихээр нэмэгдэж эхэлсэн тул хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурлын шийдвэрээр 1977 оны 4-р сараас Эрчим хүч, ус хангамжийн нэг, хоёрдугаар анги шинэчлэн зохион байгуулагдсан юм
-
Хүчин чадал, үндсэн тоноглол, техникийн үзүүлэлтүүд: Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр анги одоогийн байдлаар Монгол улсын хойт хилийн 5-тын постоос 521-р км буюу Мааньт зөрлөгийн хоорондох 516 км гол төмөр зам, Эрдэнэтийн 164 км, Багануурын 94 км, Шарын гол 64 км салбар төмөр замын дагуу 6/10 кВ хүчдэлийн 1200 км агаарын шугам, 70 км кабель шугам, 0.4 кВ-ын 130 км агаарын, 60 км кабель шугам, бууруулах 185 дэд станцтайгаар төмөр замын үндсэн болон завсрын 51 өртөө, зөрлөг, замын хэсэгт тээврийн технологийн цахилгаан хангамжийг гүйцэтгэж байна. Тус анги нь төмөр замын дагуу байрласан төмөр замын 116 байгууллага буюу 682 цэг, төмөр замын бус 427 байгууллага, 7813 ахуйн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж жилдээ дунджаар 36-40 сая кВт цаг цахилгаан эрчим хүчний борлуулалт хийдэг.
-
2016 оны 06 сарын 08
Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 батламжаа гардан авлаа