Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг баталгаажуулахын тулд бүтэн жилийн хугацаанд шинэчлэлт, өөрчлөлтийг хийсэн юм. Эрчим хүч ус хангамжийн 1-р анги чанарын удирдлагын тогтолцооны 20 гаруй бичиг баримт боловсруулж нэвтрүүлснээр байгууллагадаа манлайлж, хамгийн түрүүнд энэхүү алдрыг хүртлээ. Төрийн байгууллагууд дотор яамдаас БСШУЯ, агентлаг дундаас НДЕГ чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж батламж гардаад байсан бол төрийн өмчит аж ахуй нэгжүүдээс УБТЗ ийнхүү олон улсад баталгаажлаа. Чанарын удирдлагын тогтолцоог өөрийн харъяа нэгж, хэсгүүдэд бүрэн нэвтрүүлэх чиглэлд УБТЗ-ын удирдлага бодлого шийдвэрээ туслан ажиллах юм байна. УБТЗ-ын эрчим хүч ус хангамжийн 1-р анги чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт ISO 9001:2015 нэвтрүүлсний гэрчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн баталгаажуулалтын байгууллагаас хүлээн авч байна. Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт нь байгууллагын нийт албан хаагчид улстөрийн байгууллагын харъяалал, удирдах ажилтан, танил талын ивээлээр ажиллах боломж олгодоггүй мэргэшил, мэргэжилдээ итгэлтэй ажиллах хэм хэмжээ шаардлагыг тогтоож, хэрэгжүүлэх арга замын тодорхой зааж өгдөг юм. Удирдлагын энэхүү арга манайд нэн ялангуяа үйлчилгээний байгууллагад нийгмийн шинэ сорилтуудыг хэрэгжүүлэхэд нийцсэн нэн чухал ач холбогдолтой арга юм. Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээг гардан авах үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын дарга Л.Пүрэвбаатар хэлэхдээ: Монголын төр улстөрийн тогтолцооны гажуудлаас салах цаг ирснийг би тодотгон хэлэхийг хүсч байна. УБТЗ-д олон улсын чанарын удирдлагын тогтолцоог 2020 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусах болно. УБТЗ бол олон улсын байгууллага. Тийм учраас Европ стандарт, түүнд тохирсон чанарын удирдлагын тогтолцоонуудыг бүрэн нэвтрүүлнэ. Удирдлагын шинэ тогтолцоо нэвтэрснээр бидэнд эдийн засгийг маш их үр өгөөж өгнө гэж бодож байна. Дээр нь хөгжлийн тогтвортой гольдрилд оруулах юм. Хамгийн чухал нь аюулгүй байдал төмөр замын салбарт бий болно. Австралийн баталгаажуулалтын байгууллагын Монгол дахь итгэмжит төлөөлөгч “BCert” ХХК-ийн захирал Г.Билгүүн хэлэхдээ: Шалгуур нь өөрөө их ойлгомжтой. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах, удирдлагын тогтолцоо олон улсын жишигт бүрэн нийцэх юм. Энэ баталгаажуулалт УБТЗ-ыг олон улсад үйл ажиллагаа эрчимтэй явуулахад ихээхэн дэмжлэг үзүүлнэ. Гадаад худалдаа нэмэгдэх, гадаад хөрөнгө оруулалт татахад олон улсын баталгаа чухал нөлөө авчрах болно.
---o0o---